АГААРЫН БОХИРДОЛ МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГААГ ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсад анх удаа болсон агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалтаар агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 50 шахам орны 200 гаруй төлөөлөгч санал солилцсон билээ.
Чуулга уулзалтаар ярилцсан үндсэн таван сэдвийн нэг “Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийн хүрээнд ЭМЯ-ыг төлөөлөн Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Агаарын бохирдол-эрүүл мэнд” итгэл тавьсан юм.
Тэрбээр илтгэлдээ ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн хэмжээнд жилд 12.6 сая хүн нас барж буйн 23 хувь нь хүрээлэн буй орчинтой холбоотой байгаа бөгөөд агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судасны, мэдрэлийн тогтолцоо, хорт хавдрын өвчлөл үүсгэх эрсдэлтэйг онцлоод 2021 онд хийсэн “Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” судалгаагаар уушгины хатгалгааны 18.03 хувьд, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.29, зүрхний ишемит өвчний 31.45, тархины судасны өвчний 30.98 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоосон зэрэг мэдээллийг хуваалцлаа.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын судлаачид агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлалын тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байгааг тогтоож, түүнийг бууруулах, сэргийлэх чиглэлээр санал зөвлөмж боловсруулан зохих түвшинд танилцуулж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсээр ирснийг дурдаад агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн эрүүл мэндийн байдалд хэрхэн нөлөөлөх талаар хийсэн судалгаануудад үндэслэсэн тодорхой мэдээллүүдийг өглөө.
Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5-ын хэмжээ нэг нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн томуу, уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо 15-аар нэмэгдэж байхад агаар дахь РМ2.5-ын концентраци 100 мкг/м3 буурахад амьсгалын замын өвчний шалтгаанаар нас барах тохиолдол 11-ээр, зурх судасны тогтолцооны өвчний шалтгаанаар нас барах тохиолдол 5-аар тус тус буурах хандлагатай. РМ 2.5-ын агууламж 200 мкг/м3– ээр бууруулахад хүйтний улиралд амьсгал, зүрх судасны шалтгаант нас баралтыг 28 хувиар бууруулах боломжтойг судалгаагаар тогтоосон болон гадаад орчны агаарын бохирдуулагч NO2-ийн түвшинг 2017 оны дунджаас 50 хувиар бууруулж чадвал 2027 онд 0-19 насны хүүхдийн шинээр илрэх багтраа өвчин 2,7 болно. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй үргэлжилсээр байх тохиолдолд 2017 онд 100 000 хүн амд 6,6 бүртгэгдэж байсан багтраа өвчин 2027 онд 16,7 болж өсөн шинээр бүртгэгдэх магадлалтайг судлаачид тогтоосныг илтгэлдээ дурдсан.
Оксфордын бодлогын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд манай орны судлаачидтай хамтран 2017 онд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судалсан, судалгаагаар агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд 10.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бөгөөд хэрэв агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд дээрх мөнгөн дүн 24.8 тэрбум төгрөг болж 2016 оны тооцооллоос даруй 2.3 дахин нэмэгдэх судалгаа бий.
Цаашид агаарын бохирдлыг бууруулахаас гадна агаарын чанарыг сайжруулах чиглэлд “Цэвэр түлш Монгол Улсын агаарын чанарын стандартыг ДЭМБ-ын агаарын чанарын шинэчлэгдсэн удирдамжтай уялдуулан шинэчлэх, орчин бохирдуулсны төлбөрөөс тодорхой хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхтэй оролцоог дэмжих, иргэдийг орчны бохирдлын өртөлтөөс хамгаалах, дотоод орчны агаарын стандарт боловсруулж, батлуулах, эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай PM2.5-г хэмжих чадавхийг улсын хэмжээнд сайжруулах, орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авах зайлшгүй шаардлага байгааг “Цэвэр агаар” дээд хэмжээний уулзалтад оролцогчдод танилцуулсан юм.
ЭМД-аас уналт таталтын эм бэлдмэлийг хөнгөлөх хувь хэмжээг танилцуулав.
Уналт таталтын эсрэг 77 нэр төрлийн эм 70 хувь хөнгөлөлттэй үнээр бол байнгын асаргаа, хяналтад байдаг 0-18 насны хүүхдүүдэд уналт таталтын эсрэг эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгох юм байна.
Иргэд ирэх сарыг дуустал эрт илрүүлэгт хамрагдах боломжтой
Эрүүл мэндийн яам өнгөрсөн жилээс иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах санаачилга гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байдаггүй боломж. Нэг талаар энэ нь иргэдийн хайнга байдлыг өөгшүүлж буй мэт боловч нөгөө талдаа цөөхөн хүн амтай Монгол Улсад нэг хүний амь нас ч үнэ цэнтэйг харуулж байна. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга гаруй хүн хамрагдаад буй.
Тус эрт илрүүлгийн үзлэг ирэх дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх учир хамрагдаагүй иргэд харьяа эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна.
Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.
35 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЗНЭ
Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргаад байгаа. Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.
ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.
Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой хэвээр байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явна гэсэн тайлбар өгсөн.
Тиймээс харьяа өрх, дүүргийн эмнэлгээс тодруулж нэр заасан хувийн эмнэлэгт ч тус үзлэгт хамрагдах боломжтой. Эрт илрүүлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй төдийгүй үзлэг оношилгоо ч сайн хийгдэж буй болохыг ЭМЯ-наас тайлбарлаж байна. Мөн өвчлөл хүндрэх эрсдэл бууруулах давуу талтайг онцоллоо. Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтойг салбарын сайд хэлсэн юм.
Одоогоор Улаанбаатарт хийгдсэн үзлэгийн хувьд Баянзүрх дүүрэг нийт үзлэгийн 27 хувь, Баянгол дүүрэг 24,3 хувийн хамрагдалттай буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлттэй байна.
Харин аймгуудын мэдээллийг харьцуулахад Өвөрхангай аймаг нийт үзлэгийн 4,1 хувь, Орхон 3,7, Хөвсгөл 3,5, Сэлэнгэ 3,1, Баян-Өлгий 2,9 хувьтай байгаа аж. Тиймээс иргэн бүрийг эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАХАД НӨЛӨӨЛӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН НЭГ ЦАЛИН ХӨЛС ЮМ
БЗДЭМТ нь 2022 оны 07 дугаар сараас нийт ажилчдын дунд нөхцөл байдлын судалгааг хийж, тулгамдаж буй асуудлыг илрүүлж, эрэмблэн шийдвэрлэж эхэллээ. Үүнд шуурхай шийдвэрлэх боломжтой нэг асуудал нь ажилчдын цалин хөлс, урамшуулал байв. Энэ асуудлыг шийдвэрлэхээр БЗДЭМТ-ийн даргын Б/230 дугаар тушаал гарч нийт ажилчдын үндсэн цалинг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тохиолдолд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийг БЗДЭМТ нь нийт эмч, сувилагч, ажилтан албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, чадварлаг боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах, ажилчдыг хөгжүүлэх, ажилчид өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг олгох дэмжлэг гэж үзэж нийт ажилчдын цалин хөлсийг цаашид тогтвортойгоор нэмэгдүүлэх бодлого барьж 2023 оны 01 дүгээр сараас БЗДЭМТ-ын даргын Б/37 тоот тушаалаар дахин ажилчдын үндсэн цалинг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Ингэснээр БЗДЭМТ-д ажиллаж байгаа нийт эмч, сувилагч, ажилчдын цалин бодитоор 400,000 төгрөгөөр сүүлийн 6 сарын дотор нэмэгдсэн байгаа юм.Нэг ёсондоо цалин хөлс тэтгэмж сайн байвал тэр хэрээрээ эмч сувилагч нарын хүний нөөцийн асуудал сайжрах юм.
Үндсэндээ 2022.07.01-нээс нийт ажилчдын үндсэн цалинг 300 мянган төгрөгөөр, мөн 2023.01.02-ноос хойш бүх ажилчдын үндсэн цалинг 100 мянган төгрөгөөр буюу нийтдээ 42-81 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг юм.Үндсэн цалинг тогтвортой нэмэгдүүлснээр БЗД-ийн эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцийн дутагдлыг 5% болтол бууруулж чадсан бөгөөд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийг эмч, эрэгтэйчүүдийн эмчийг бүрэн орон тоогоор ажиллуулж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхээс гадна, ажлын байрандах сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ёс зүйтэй байдал, хариуцлагыг сайжруулах гол зорилготой юм. Үүний үр дүнд салбарын үйл ажиллагаа цалгардахгүй, иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хугацаа алдахгүй чанартай, хүртээмжтэй авах боломжтой болох юм. Мөн чадварлаг боловсан хүчний нөөцөнд тулгуурлаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлж иргэд дүүрэгтээ хүссэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломж нэмэгдэнэ хэмээн БЗДЭМТ-ийн дарга Г.Ууганцэцэг онцолж байлаа
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ УНАЛТ ТАТАЛТЫН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭГ БИЕ ДААН ХИЙЖ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА
Манай улсад эпилепси буюу унаж татах эмгэгийн оноштой хүмүүст өнөөдрийг хүртэл зөвхөн эмийн эмчилгээ хийгдэж ирсэн бол Улсын гуравдугаар төв эмнэлэгт тархи мэдрэлийн мэс заслын өндөр, нарийн хүчин чадалтай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдснээр өнгөрсөн жилээс эхлэн энэ төрлийн эмгэгийн зарим хэлбэрүүдэд мэс засал эмчилгээг амжилттай хийж эхлүүлээд байна.
Япон, БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад эпилепсийн эмгэгээр мэргэшсэн мэдрэлийн эмч, тархи мэдрэлийн мэс засалч, мэдээгүйжүүлэгч эмч, нейрофизиологич, мэргэшсэн сувилагч зэргээс бүрдсэн өндөр мэргэшсэн ур чадвартай мэргэжлийн багаар уналт таталтын голомтыг лазераар түлэх, эмгэг дохиог өөрчлөх, саармагжуулах төхөөрөмж суулгах зэрэг мэс заслын дэвшилтэт аргуудыг өргөнөөр ашиглан хийдэг ба энэ төрлийн мэс заслын эмчилгээ нь хүнд хөнгөнөөсөө хамаарч ойролцоогоор тавиас зуун хорин мянган ам доллар орчмын өндөр өртөгтэй байдаг тул манай иргэд тэрбүр гадагшаа эмчилгээнд явах боломж хязгаарлагдмал байдаг. Тэгвэл тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нарын баг гадаадын зочин профессорын баг болон дотоодод эпилепсийн мэргэшсэн туршлагатай эмч нарын хамтарсан багаар өнгөрсөн оноос эхлэн эмэнд дасалтай чамархайн эпилепсийн голомтыг авах мэс засал, таталтын голомт үүсгэж байгаа тархины дисплазийн өөрчлөлтөт эмгэгийг тайрч авах мэс засал, таталтаас болж гэнэт амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсох (Леннокс Гастогийн хам шинж) эмгэгийн үеийн Каллозотоми мэс засал зэрэг нарийн төвөгтэй нийт 14 тохиолдолд мэс засал эмчилгээг тус тус амжилттай хийгээд байна. Мэс засал эмчилгээний дараах 6-8 сарын хяналтын туршид байнгын эмийн тунгийн хэрэглээ багасч, уналтын давтамж бүх тохиолдлуудад 60-70 орчим хувиар цөөрсөн, зарим тохиолдол нь эмчилгээний дараа дахин унаагүй зэрэг үр дүнтэй байна.
Тус эмнэлэг цаашид бусад хэлбэрийн эпилепсийг эмчлэх аргуудыг нэвтрүүлж, энэ төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд уналтын голомтыг нарийвчлан тогтоох оношлогооны тоног төхөөрөмжийг чадавхижуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Архаг ларингитын эмчилгээний 85%-ийг ЭМД-аас төлнө
Архаг ларингит, дууны хөвч, төвөнхийн эмгэгийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөх болжээ. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын тогтоолоор архаг ларингит, дууны хөвч, төвөнхийн эмгэгийн мэс заслын төлбөрийг 698 мянга байхаар зохицуулсан. Тодруулбал, тухайн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл болон хүндрэлээс хамаарч байхаар зохицуулжээ.
Тэгвэл уг төлбөрийн 85 хувийг ЭМД-ын сангаас, 15 хувийг иргэд өөрсдөө хариуцан төлөх болсон байна. Ингэснээр иргэн ЭМД-аас 593 мянган төгрөг авч, өөрөө 104700 төгрөг төлөх юм.
УРТ ХУГАЦААНД ХЭРЭГЖИХ ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Дэлхий дахинд коронавируст халдвар (КОВИД-19)-ыг “цар тахал” хэмээн зарласан ч өнөөдрийн байдлаар улс орнуудад өвчлөл, нас баралт төдийлөн буурахгүй, SARS-CoV-2 вирус болон вирусийн шинэ хувилбарууд илэрсээр байгаа юм. Энэхүү цар тахал нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, тогтолцоо, чадавхийг шалгасан том сорилт болсон төдийгүй эрүүл мэндийн салбарын ирээдүйн чиг хандлагад өөрчлөлт оруулсан, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох байдал үргэлжилсээр байна. Тиймээс эрсдэлд суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, дараа дараагийн давалгаа, дэгдэлтийн бэлэн байдлыг хангах, урт хугацааны менежментийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай тул эрүүл мэндийн салбарын түвшинд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө” боловсруулах ажлыг эхлүүлэх, мэдээлэл солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, ЭСҮТ, СЭМҮТ, ЭМХТ, ЭЭХХЗГ-ынхнаас гадна ГЕГ-ын Гаалийн хорио цээрийн хэлтэс, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцож, саналаа солилцов. Уулзалтын эхэндд халдварт өвчний 2008-2020 оны төлөв байдал, сургамж болон 2022-2040 он хүртэлх хэтийн төлөв, хандлагын тооцооллын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийсэн. Түүнчлэн хүн амын өртөмхий бүлгийг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг зохицуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ДЭМБ-аас гишүүн улс орнуудад зориулж “Цар тахлын хариу арга хэмжээнээс Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тогтвортой менежмент рүү шилжих”-д чиглэсэн удирдамж, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДЭМБ-ын Онцгой Комиссын хуралдааны зөвлөмжийн талаар ДЭМБ-аас мэдээлэл өглөө. ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте КОВИД-19-ын эсрэг вакцины хамралт хамгийн өндөр орон бол Монгол Улс бөгөөд дэлхийн бусад улс оронд сайн туршлага болсныг тэмдэглээд цаашид шинэ вирусийг тандах, тандалтын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн харилцааг өргөжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулж, олсон амжилтаа бататгахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, цаашид энэхүү урт хугацааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулах нь зүйтэй гэж үзэв.

БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300 ДАХЬ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон 300 дахь хагалгаагаа амжилттай хийсэн сайхан мэдээг хуваалцаж байна. Бөөр шилжүүүлэн суулгах үндэсний баг 2021 оны хоёрдугаар сарын 8-нд Төрийн соёрхол хүртсэн бөгөөд хэдэн зуун хүнд амьдрал бэлэглэсэн алтан гартай ачтанууд арван жилийн өмнө арвуулаа байсан бол өдгөө 22 эмч мэргэжилтнээс бүрдсэн хүчирхэг хамт олон болсныг Эрхтэн шилжүүлэх төвийг өөрийн гэсэн байртай болгох асуудлаар Эрүүл мэндийн саайд С.Чинзоригийг УНТЭ-т ажиллах үеэр үндэсний багийн ахлагч Д.Баян-Өндөр эмч танилцуулж байсан. Одоогийн байдлаар бөөрний дутагдлын улмаас мэс засал хийлгэх шаардлагатай 483, төрөл төрөгсөд нь донор болох 16, нийлэмжээ баталгаажуулахаар шинжилгээ өгөөд хүлээж буй 18 хүн байгаа ч бөөр шилжүүлэн суулгах гуравхан ортой учраас дараалал ихтэй, хүмүүс удаан хүлээхэд хүрч байгаа юм. Тиймээс Эрхтэн шилжүүлэх төвийг зориулалтын байртай болгох асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.
ТАНДАН СУДАЛГАА, ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦАХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чиинзориг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, хамгаалах, халдварт өвчний тандалт судалгаа, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хийж буй ажлынх нь талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудлынх нь гарц шийдлийн талаар ярилцлаа. Тус төв улсын халдварт өвчний тусламж үйлчилгээгг үндэсний хэмжээнд үзүүлдэг төрөлжсөн эмнэлэг бөгөөд 742 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас их эмч 205, сувилагч 212, бусад ажилтан 325 байна.
Халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах хам шинжийн тандалтаас гадна томуугийн харуулдан тандалт, амьсгалын замын халдварт өвчний тандалт, Ковид-19, вируст гепатит, гэдэсний халдварт өвчний, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын, зооноз өвчний, бэлгийн замаар дамжих халдварын, сүрьеэгийн, дархлаажуулалт бүхий халдварт өвчний зэрэг тандалтыг хийдэг. Гэтэл тохиолдолд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд тандалт, нийгийн эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт тусгагдаагүй, төрөөс санхүүждэггүй, -“Глобаль” сан, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр тандалт, томоохон судалгаа, илрүүлгийн үйл ажиллагаа явагддаг.
Цаашид илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөрөнгө, нөөцийг төлөвлөх, ач холбогдлыг ойлгуулах, төлбөртэй илрүүлэг (идэвхтэй тандалт), үзлэг шинжилгээ зохион байгуулах, тандалтын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог хуульчлах, халдварт өвчний тандалтын нэгдсэн цахим систем хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудал байгааг ХӨСҮТ-ийн удирдлагууд сайдад танилцуулж байсан. Төвийн үйл ажиллагааны талаар хийсэн танилцуулгын дараа С.Чинзориг сайд ХӨСҮТ болон нийгмийн эрүүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар баримтлах бодлогынхоо талаар ярилцаж санал солилцсон.
Сайл ярианыхаа эхэнд гурван жил гаруй үргэлжилсэн Ковид-19 халдварт цар тахлын хүнд хэцүү цагт эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахаас үл эмээн халдварын голомтод цаг наргүй зүтгэсэн ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчдад Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд ХӨСҮТ-тэй холбоотой тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлага байгааг хэлсэн. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуультай болохоор ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээний нэг адил нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрүүл мэндийн салбарын анхдагч суурь болох ёстой атал өнөөг хүртэл ийм хуульгүй явж ирсэн гажуудлыг засах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн. Шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн хүрээнд иргэнд ямар үйлчилгээг хэн үзүүлэх нь тодорхой байхаас гадна эрүүл байхын тулд иргэн ямар үүрэг хүлээхийг ч тусгах ёстой гэж байлаа.
Эрүүл мэндийн салбар өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлж эмчлэх тогтолцоо руу явах цаг нь болсон гэдгийг ч хэлсэн.
Тэбээр “Санхүүжилттэй холбоотой асуудлыг ч тодорхой болгох шаардлага байгаа. Миний хувьд нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, тандалт судалгааны ажлуудын санхүүжилтийг төр хариуцах ёстой гэдэг байр суурьтай байдаг. Нийтийг хамарсан халдварт өвчний үеийн тусламж үйлчилгээний зардлыг төр хариуцахгүй бол бүгдийг ЭМДС руу оруулж гүйцэтгэлийн санхүүжилтээр шийдэх боломжгүй.
Иргэн хүн ирээдүйд эрүүл мэнддээ үүсч болох эрсдэлд зориулж төлсөн шимтгэлээс бүрддэг сангаас нийтийг хамарсан халдварт өвчний тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлж болохгүй гэдэг талаас нь хуулийн зохицуулалтыг хийх хэрэгтэй байна.
Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо ХӨСҮТ-ийн хувьд тийм ч тохиромжтой гэж үзэхгүй байгаа. Өнгөрсөн хоёр жилд ЭМДС-гаас ковидын тусламж, үйлчилгээний зардал болон хилийн боомтын тандалтын үр дүнгээр тус төв үйл ажиллагаагаа явуулж, ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмж, цөөн боловч хүмүүст орон сууцны дэмжлэг үзүүлж, зарим нэг шаардлагатай засвар үйлчилгээний санхүүжилтийг хийж ирсэн байна. Ковидын тохиолдол цөөрснөөр гүйцэтгэлээр тооцож авдаг тусламж, үйлчилгээний зардал багасахаар санхүүжилтийн хэмжээ буурна гэдгийг тооцох, зарим тусламж үйлчилгээний өртгийг дахин тооцоолж тус төвийн онцлогт тохирсон байдлаар шийдэх шаардлага ч байгаа юм.
Түүнээс гадна ХӨСҮТ эрүүл мэндийн бусад байгууллагаас онцлог. Нийтийг хамарсан халдварт өвчний үед амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас үл эмээн зүтгэдэг эмч ажиллагсдын цалин хөлсийг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад анхаарах нь яамны бодлогын тэргүүлэх чиглэлд байх ёстой гэж үзэж байгаа Түүнээс гадна энэ салбарт ажиллагсдыг эрсдэлийн даатгалд хамруулдаг байх асуудлыг судалж байна” хэмээсэн юм.