Нойргүйдэх эмгэг өсөх хандлагатай байна

БЗД-ийн ЭМТ-ийн Сэтгэцийн эмч П.Болортуяа: Нойргүйдэх эмгэг өсөх хандлагатай байна
Баянзүрх дүүргийн Сэтгэц наркологийн багийн эмчийн үзлэгийн статистикаас харахад сүүлийн жилүүдэд органик бус нойргүйдэх эмгэг өвчлөлийн өсөлт анхаарал татахуйц байна. Органик бус гэдэг нь бие махбодын эмгэгтэй хамааралгүй нойрны эмгэг дангаараа наснаас үл хамааран үүсдэг юм. Органик бус нойргүйдэх эмгэг тохиолдол нь 2018 онд 187 бүртгэгдсэн бол энэ жил 1166 болж өвчлөл 7,2 дахин өссөн байна.
Нойргүйдлээс үүдэн стресст өртөх, ядрах, ажлын бүтээмж буурах улмаар ажлаа хийж чадахгүй болж ажлаасаа гарах хүртэл хүний амьдралын чанарт нөлөөлж байна. Төрийн болон бизнесийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд ажилчдынхаа сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч, мэргэжлийн байгууллагын сургалт, зөвлөгөөгөөр дамжуулан мэдээ мэдээлэл өгч байх шаардлага нийгэмд үүссэн гэж дүгнэж болох юм.
Архаг ядаргаа эмгэгийг эмчийн үзлэгийн статистикаас харахад 2018 онд 10 өвчлөл бүртгэгдсэн. Таван жилийн дараа энэ үзүүлэлт 61 болж 6,1 дахин өссөн байна. Эдгээр хүмүүс дүүргийн сэтгэцийн кабинетад хандан, эмийн болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан байна.
                                                                                       
                                                                                                                                                            🌱Эрүүл мэндээ хайрлая