• IMPROVES FLEXIBILITY

  • INCREASES BLOOD

  • INJURY

ЭМЯ-НЫ ЗАХИАЛГААР ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

  1. ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр хуралдаж, тус яамны захиалгаар хэрэгжүүлж, гүйцэтгэсэн нэр бүхий 11 төслийн үр дүнг хэлэлцлээ.  Анагаах ухааны доктор Д.Наранзулын удирдсан “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа” сэдэвт ShUTT_020/2015 төсөл;
  2. Анагаах ухааны доктор, профессор О.Чимэдсүрэнгийн удирдсан “Цахилгаан халаалттай гэр сууцны дотоод орчны агаарын чанар, оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх судалгаа” сэдэвт Шу-Уз-2017/37 төсөл;
  3. Анагаах ухааны доктор Д.Отгонжаргалын удирдсан “Өсвөр үеийнхний эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх асуудал” сэдэвт Шу-Уз-2018/28 төсөл;
  4. Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Нямдаваагийн удирдсан “Монголд илэрсэн SARS-CoV-2  омгуудын геномын бүтцийг тодорхойлж,молекул эпидемиологийн онцлогийг тогтоон, манай орны нөхцөлд тохирсон тандалт, сэргийлэхийн аргачлал зөвлөмж гаргах” сэдэвт ШУ Уз-2020/32 төсөл;
  5. Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагвын удирдсан “Өвсөн гурван халууны найрлагын ходоод, улаан хоолойн хорт хавдрын эсрэг нөлөө” сэдэвт ШУ Уз-2019/33 төсөл;
  6. Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Чимэглхамын удирдсан “Улаанбаатар хотын хүн амын дундах тархины харвалт өвчний регистр судалгаа-өвчлөл, нас баралтын тархвар зүйн мониторинг аргыг туршин нэвтрүүлэх”  сэдэвт Шу-Уз-2018/26 төсөл;
  7. Анагаах ухааны доктор, профессор Р.Оюунгэрэлийн удирдсан “Манай улсад бүртгэгдсэн шинэ коронавирусын халдвар (COVID-19)-ын эмнэлзүйн судалгаа”  сэдэвт Шу Уз-2020/14 төсөл;
  8. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэнгийн удирдсан “Манай оронд зонхилон тохиолдох элэг, улаан хоолойн хорт хавдрыг ялган оношлох, элэгний анхдагч өмөнгийн мэс заслын эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх шинэлэг аргуудыг практикт нэвтрүүлэх” сэдэвт 2012/32Б төсөл;
  9. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Г.Отгоны удирдсан “Монгол хүүхдийн бие мах бод дахь бичил элементийн агууламжийн лавлагаа хэмжээ, түүний өөрчлөлтийг илрүүлэх” сэдэвт ShUTT_26/2016 төсөл;
  10. Химийн ухааны доктор, дэд профессор С.Өнөрсайханы удирдсан “Монгол орны хүн амын дундах бамбай булчирхайн өвчлөл, түүнд нөлөөлөх иод болон эрсдэлт хүчин зүйлсийг судлах нь” сэдэвт ШУ Уз-2019/30 төсөл;
  11. Анагаах ухааны доктор, профессор З.Лхагвасүрэнгийн удирдсан “Монгол хүний титмэн артерийн нарийсал ба шохойжилтыг компьютерт томо коронарографиар оношилж, нарийсал ба шохойжилтод нөлөөлөх биомаркеруудыг судлах” сэдэвт ШУ Уз-2020/31 төсөл.

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ДР.ТЕДРОС А.ГЕБРЕЙЕСУС МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

 
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А. Гебрейесус манай улсад энэ сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Н.Оюунтунгалаг багтаж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Др. Тедрос А. Гебрейесус тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд мэргэжил арга зүйн хувьд ДЭМБ хамгийн ойрын түнш байж, дархлаажуулалт, тандалт судалгаа, лаборатори, эмнэлзүй зэрэг бүхий л чиглэлээр зөвлөмж, заавар, удирдамжуудаар хангаж, цар тахлыг хохирол багатай даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хооронд 2023-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж санал солилцов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А. Гебрейесус Монгол Улсад Үндэсний Их Баяр Наадмын үеэр айлчлал хийх боломж олгосонд талархал илэрхийлэв. Тэрбээр КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг өндрөөр үнэлж, цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулсан үлгэр жишээ улсуудын нэг байсныг онцлон тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг эрчимжүүлэх, эмийн чанар аюулгүй байдлыг хянах үндэсний лабораторийн чадавхыг сайжруулах, тамхины хяналтын чиглэлээрх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүний дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос А. Гебрейесус эрүүл мэнд, онцгой байдлын салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Марафонд оролцогчдод эмнэлгийн тусламж үзүүллээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БГД-ЭМТ, СБД-ЭМТ, ХУД-ЭМТ, СБД-НЭ, БЗД-НЭ, НТТТ-н 70 гаруй албан хаагч 5 суурин, 3 хөдөлгөөн байршилд марафонд оролцогч нарт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн оролцож байна. Нийт 58 хүнд тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Мөн НЭМГ-н 20 албан хаагч 5-10 км зайд гүйж оролцлоо.

Д.Сүхбаатарын талбай болон автомашины хөдөлгөөн хориглосон замуудад хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж иргэдийн үйлчилгээний эрүүл ахуй, халдвар хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавин 16 улсын байцаагч ажиллаж байна.

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БЭЛЭН БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАВ

ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан хамтран Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын дэмжлэгээр Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээний бэлэн байдалд хийсэн хөндлөнгийн үнэлгээний үр дүнг танилцуулах хурал өнөөдөр /2023-06-19/ боллоо. 
ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, ДЭМБ-ынхан, судлаач эрдэмтэн мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд оролцсон уг хурлыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг үг хэлсэн. Тэрбээр үгийнхээ эхэнд ЭМЯ-ны санаачилга, хүсэлтийг хүлээн авч Жендэрт суурилсан хүчирхийллийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлын үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан НҮБ-ын Хүн амын сангийн баг хамт олон, зөвлөхүүдэд талархал илэрхийлээд “НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төсөл манай улсад  2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн ажилтнуудын эрх зүйн үүрэг, хариуцлагыг хуульчилж, холбогдох арга хэмжээний  хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал, “Жендэрийн талаар эрүүл мэндийн салбарт 2021-2024 онд баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан, эрэгтэйчүүдийн кабинетын үйл ажиллагааг тогтмолжуулах, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Эрэгтэйчүүдийн кабинетын үлгэрчилсэн загвар, ажиллах журам”-ыг шинэчлэн, орон нутагт үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна” гэсэн юм. 

Жендэрт суурилсан хүчирхийлэл нь дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бөгөөд хүний эрхийн томоохон зөрчил гэж үздэг. Дэлхий дээр 15 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн гуравны нэг нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгааг 2018 онд хийсэн судалгаа харуулдаг.  
Монгол Улсад 2017 онд хийсэн судалгаагаар хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хүчирхийлэлд өртөж, сүүлийн 12 сард гурван эмэгтэй тутмын нэг нь дотны хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртөж байгааг тогтоосон байдаг бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд жендэрт суурилсан хүчирхийллийг илрүүлэх, тохиолдлыг мэдээлэх, хүчирхийлэлд өртсөн иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг бусад салбарынхантай хамтран зохион байгуулж байгааг Эрүүл мэндийн сайд мөн онцлон дурдсан.  Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээний бэлэн байдал Монголд ямар байгааг үнэлэх судалгааны ажлын үр дүнгийн танилцуулгыг анагаах ухааны доктор Х.Энхжаргал, Я.Буянжаргал нар хийсэн.
Жендэрт  суурилсан хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, охидын эрүүл мэндэд хортой үр дагавартай, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх асуудлын нэг бөгөөд хүчирхийлэлд өртөж хохирсон хүмүүс хамгийн түрүүнд эрүүл мэндийн байгууллагад ханддаг учраас энэ салбарын хариу арга хэмжээний бэлэн байдалд үнэлгээ хийх зайлшгүй шаардлага байсныг судлаачид ярьж байв. Түүнээс гадна жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээний өнөөгийн байдлын талаар нотолгоонд суурилсан мэдээлэл дутмаг тул нэн тэргүүнд бодлого, хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн, хохирогчдод эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ үзүүлэхэд бэлэн эсэх, тусламж үйлчилгээний санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа, хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ойлголт хандлага зэрэг хэд хэдэн чиглэлд онцгой анхаарал хандуулан судалсан байна. Эрүүл мэндийн салбар жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахад эрхзүйн дэмжлэгт орчин бүрдсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хандлага эерэг, дийлэнх нь хохирогчийн орон зай, нууцлалыг хангах талаар зөв ойлголттой зэрэг сайн үр дүн байгаа хэдий ч цаашид жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг авах хариу арга хэмжээг улам сайжруулж тогтмолжуулах, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, нөөцийг бүрдүүлэх, байнгын бэлэн байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын төлөвлөлт, үйл ажиллагаа, ажлын байрны чиг үүрэгт энэ талаар маш тодорхой тусган хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ байсаар байгааг онцгой анхаарч ажиллах нь зөв гэдэгт талууд санал нэгдлээ.

ОЛОН УЛСЫН ДҮРС ОНОШИЛГООНЫ ЭМЧ НАР МОНГОЛД ЧУУЛЖ БАЙНА

1995 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж буй  уг чуулганд дүрс, оношилгооны салбарын эмч, технологич болон бусад мэргэжлийн эмч нараас гадна Ази, Номхон далайн радиологийн нийгэмлэг, ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, Казакстан зэрэг орноос олон улсын судлаач, эрдэмтэд зэрэг 1000 гаруй хүн  оролцож байгаа юм.
Үндэсний чуулганыг нээж Монголын радиологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Гончигсүрэн үг хэлсэн. Тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хамгийн хүндтэй хүмүүс болох дүрс оношилгооны салбарынханд амжилт хүсээд “Сүүлийн жилүүдэд энэ салбарт ажиллах боловсон хүчин залуужиж, шинэ эрин үе эхэлж байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийснээр эмнэлгүүд дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий багаж тоног төхөөрөмжийг эмчилгээндээ нэвтрүүлээд байна” хэмээсэн. Чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлсэн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас дүрс оношилгооны салбарт ихээхэн анхаарал хандуулж, 21 аймгийн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулах чиглэлээр олон ажлыг хийж байна. Үүний нэг нь тоног төхөөрөмжийн шинэчлэл юм. 2021 онд улсын төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт зөвхөн тоног төхөөрөмжийг шинэчлэх зорилгоор 110 тэрбум төгрөгийг тавьсан бөгөөд үүний 50 гаруй хувийг дүрс оношилгооны салбарт зарцуулсан. Өнөөдрийн байдлаар зургаан аймагт ангиографийн аппарат, 21 аймагт компьютер томографийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Мөн дурангийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах ажлуудыг хийж байна” хэмээн дүрс оношлогооны салбарт ЭМЯ-наас авч хэрэгжүүлж буй бодлогыг танилцууллаа.  Энэ удаагийн чуулганд эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдлуудыг танилцуулахын сацуу Ази, Номхон далайн радиологийн нийгэмлэг, Японы радиологийн коллежтэй хамтран “Зүрхний радиологийн оношилгоо”, БНСУ-ын радиологийн нийгэмлэгтэй хамтран “Хүүхдийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн дүрс оношилгоо” зэрэг олон салбар хуралдаан болж, БНСУ, Япон,  БНХАУ, ОХУ, Казакстан зэрэг найман орны эрдэмтэд  оролцож, илтгэл хэлэлцүүлэх юм. Үндэсний чуулганы нээлтийн үеэр УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн эрхлэгч Б.Энхтуяаг Монголын радиологийн нийгэмлэгийн “Хүндэт гишүүн”-ээр өргөмжилж, ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан дүрс оношилгооны салбарын эмч мэргэжилтнүүдийн салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.

Хөвсгөлийн эмч нар хавдрын мэс заслыг амжилттай хийжээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Гэмтлийн тасгийн хамт олон өчигдөр /2023.05.26/ аймагтаа анхны тохиолдол болох 3.2 кг хэвлийн хөндийн хавдар авах мэс заслыг амжилттай хийсэн байна.
Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин 2021 Онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллахаар гэр бүлийн хамт орон нутгийг зорин очиж байв. Тэрбээр тухайн үед ярилцлага өгөхдөө “Орон нутагт нарийн мэргэжлийн эмч дутагдалтай, шинэ залуу эмч нар аль болох хотод эсвэл гадаадад ажиллахыг илүүд үзэх болсон” гэдгийг онцолж байв.
Цар тахалтай амаргүй цаг үед хөдөө ажиллахаар шийдвэр гаргасан тэрбээр үе тэнгийн залуусаа манлайлж, үлгэр жишээ болж байлаа.